Sunday, May 5, 2013

Монгол Улсад компьютер бүтээсний 25 жилийн ойн ярилцлага

2009 оны 5 дугаар сарын 17 -ны өдөр Монгол Улсад компьютер бүтээсний 25 жилийн ой тохиосон билээ. 25 жил гэхээр манай уншигчид гайхаж магадгүй. Чухамхүү одоогоос 25 жилийн өмнө 1984 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан техникийн нэгдсэн зөвлөлөөс ШУТУХ-ны шинэ бүтээл, оновчтой саналын хэлтэст "Оч" компьютерийг оновчтой санал болгож батлуулж гэрчилгээ олгох саналыг хүргүүлсэн юм. "Монгол улсад компьютер бүтээсэн түүх" хэмээх нийтлэлийг уншигчдын хүсэлтээр нийтэлсэн билээ. Энэ удаагийнхаа нийтлэлийн зочноор энэ түүхийг бүтээлцсэн Г.Оюунбаяр гуайг урьж байна.
Г.Оюунбаяр: Бид “Made in Mongolia”-г хэрэгжүүлэхийн зэрэгцээ
“Innovated by Mongolia”, “Designed by Mongolia”-г
бүтээгдэхүүндээ нэвтрүүлж байж бусдыг гүйцэнэ дээ.
Ярилцсан С.Уянга



Юуны өмнө МХТ-ийн Миний компьютер/Digital World сэтгүүлийн редакцийг төлөөлөн таниас ярилцлага авах болсондоо туйлын баяртай байна. Танд Монгол улсад компьютер бүтээсний 25 жилийн ойн мэндийг хүргэе. Таны МХТ-той холбогдсон он жилүүд, туулж өнгөрсөн ажил амьдралын туршлага залуу үед сургамжтай байх нь дамжиггүй. Ингээд ярилцлагаа "Оч" компьютерээс эхэлье. Манай уншигчдын дийлэнх нь хүүхэд, залуучууд. Иймд мэйнфрэйм машин, микрокомпьютер, программатор зэргийг тэр болгон ойлгохгүй байж магадгүй. Иймд одоогийн компьютертэй зүйрлэж энгийн үгээр тайлбарлавал? 
1970-аад онд мэйнфрэйм (mainframe)-д Тооцоолон Бодох Төв (ТБТ)-ийн удирдах, бодох гол ачаа үүрдэг систем бүхий компьютерийг хамруулдаг байлаа. Мэйнфрэймийн зөвхөн процессор нь одоогийн стандарт ракуудтай төстэй хэд хэдэн шкафад тарж байрладаг байв. Минск-32 мэйнфрэймийн хувьд ракийн нийт тоо, гадаад байгууламжуудтайгаа нийлээд 30 орчим байсан ба 140 кв метр талбай эзэлж байв. Өөр заалд байсан перфокартад мэдээлэл шивэх байгууламжууд энд тооцогдоогүй. Мэйнфрэйм ЕС-1040 буюу IBM360-ийн хувьд телепроцессорууд, модемуудын хамт 26, тухайн үедээ арай өндөр интеграцтай чип дээр хийгдсэн ЕС-1045 (IBM370 Model-155) арай цөөн раканд байрлаж байлаа.
Минск-32-ийн ракыг нээж үзэхэд транзистор, резистор, конденсатор бүхий ТЭЗ нэртэй платууд (хавтан) ярайж байдаг, IBM360/370-ийн хувьд чипүүд жирийтэл гагнасан хэдэн зуун платыг 90 хөлтэй коннектор бүхий том платуудад суулгасан байдаг байв. Харин дотоод бүтцийн хувьд 1970-80-аад оны мэйнфрэймүүд одоогийн Pentium XEON-той төстэй байсан. Дотоод bus-ийн өргөн 4 байт (36 бит, Pb-тэй), санах ойтой 16 байт (144 бит, 16 бит нь ECC буюу Hamming code)-аар харьцана, тэгэхдээ 1 битэд алдаа гарвал саатал гарахгүй, засаад явна. Өгөгдөл санах ойгоос буфер ойгоор дамжин процессорт очно, хэрэв буферт өгөгдөл аль хэдийн байж байвал шууд буферээс авч такт, цаг хэмнэнэ, командууд командын буферээр дамжина. Эдгээр нь одоогийн L1, L2 cache-уудтай адил зорилготой. Процессорт үржүүлэх, хуваах, хувиргах үйлдлийг хурдан хийх зориулалттай акселератор, тэрбайтугай ихээр давтагддаг математикийн функцүүд, ялангуяа Фурье хувиргалтыг аппаратын төвшинд хийдэг матрицан процессор хамаарагдаж байв. Энэ нь CPU дотор байдаг математик процессорын түрүүч байсан. Түүнээс гадна олон процессортой тооцоолох комплекс үүсгэх зориулалттай процессорууд хоорондын суваг байсан (Герман, ЗХУ зэрэгт тэднийг бүгдийг ашигласан байдаг байсан ч, бид ер ашиглаагүй билээ) нь одоогийн олон Core-ийн зарчимтай төстэй байв.

Үнийн хувьд Минск-32 дангаараа 1 сая 200 мянган ам.доллар, IBM360 мөн адил 1 сая ам.долларын гэрээний үнэтэй байв. ТБТ-д байсан хэдэн арван сая ам долларын үнэтэй нүсэр, нийлмэл техник, системийг хэвийн ажиллуулах, өргөтгөх, систем интеграци хийх, хэрэглээний программ ажиллуулах, софтвэр девелопмент хийх зэрэг нь их ур чадвар, зориг, тэвчээр шаардсан ажил хэдий ч Монгол улсад байсан нийтийн үйлчилгээний ганц компьютерийн төвийг ажилд бэлэн байлгахын төлөө инженер, техникийн ажилтнууд сэтгэл гарган илүү цагаар бүү хэл, хоногоор ажиллахдаа ер гомдол тавьж байгаагүй нь санаанд ил байна. Тэр байтугай энэ мэргэжилтнүүд 1991 онд мэйнфрэймуудыг унтрааж, машин заалыг цоожлон лацдаж өөрсдийг нь ажлаас халахад ч хэл ам хийгээгүй. Энэ нь гол шалтгаан нь ТБТ, СТГ-ын удирдлага байтугай Засгийн газар төдийд биш гэдгийг сайн мэдэж ухамсарлаж байсных. Нийгмийн гажгийг арилгахад ч тэд өндөр ухамсартайгаа харуулсны зөвхөн ил гарсан нь инженер Д.Дашцэрэн 1990 оны, програм зохиогч М.Чимэддорж дараагийн өлсгөлөнд орж амиараа дэнчин тавьсан явдал.

Энэ дашрамд Монгол улсад анх удаа 1974 оноос компьютерийн үйлчилгээг нийтэд зориулж нээсний 35 жилийн ойн мэндийг энэ төвд ажиллаж байсан мэдээлэл бэлтгэх болон мэйнфрэймийн пультийн операторууд, ашиглалтынхан, инженер төсөлчид, програм зохиогчид, инженерүүд, бусад мэргэжилтнүүддээ хүргэж эрүүл энхийг хүсье.

Ингэхэд программатор гэж юу вэ? Микрокомпьютерт ямар компьютерийг ойлгох вэ?
Программатор гэдэг нь тогтмол санах ойд өгөгдөл бичих боломж олгодог төхөөрөмж. "Оч"-ийг хийж байхад гараас BIOS-ын тэмдэгт бүрийг нэг бүрчлэн шивж оруулдаг байсан ч, одоо бол програматорыг PC-д залгаж файл хуулаад л болдог болсон. Микрокомпьютер гэдэгт микропроцессорт суурилсан, тухайн үед архитектурын хувьд стандарт болоогүй компьютерүүдийг нийтэд нь хамруулдаг байлаа.

Эдгээр нь 8080, 8085, 6502, Z80 зэрэг процессоруудын аль нэг бүхий ч бүтэц, үйлдлийн системийн хувьд ялгаатай байсан. Харин IBM 8088/8086/80286 зэрэг процессортой, гадаад байгууламжийн портууд, үйлдлийн систем төдийгүй стандарт протокол бүхий нөөц дотоод слотуудтай нээлттэй стандарт гаргаж IBM PC (personal computer) гэж нэрлэн зах зээлд гаргаснаар компаниуд тусгай захиалгын л биш бол микрокомпьютер үйлдвэрлэхээ больж IBM PC үйлдвэрлэх өрсөлдөөн эхэлсэн юм. Харин Apple өөрийн стандартаа хөгжүүлсээр өдий хүрлээ.

Манай ихэнх компьютерийн дэлгүүрүүд компьютер угсарч борлуулж байгаа. Компьютер угсрах, бүтээх хоёрын ялгаатай талаар та юу гэж бодож байна вэ? Мэдээж тухайн цаг үед сэлбэг материал олдоцгүй байсан, нөгөө талаар эд ангиуд стандартчилагдаагүй байсан байх л даа.
Бид ч тухайн үедээ компьютер бүтээгээгүй, бас л угсарсан. Бүтээнэ гэдэгт BIOS-ыг нь бичээд, эх хавтангийн зургийг зохиох гэх зэрэг суурь ажлууд орно шүү дээ. Тухайн үед зарим микрокомпьютерийн эх хавтан (MB), гар, тэжээл болон нэмэлт порт (кард)-ын зураг сэтгүүлүүдэд хэвлэгддэг байсныг бид олж авч ашигласан. Схемийг судалж түүний дагуу деталиудаа цуглуулж хавтангуудаа өөрсдөө хийх, деталиуд суулгах, гагнах, ажиллагааг нь шалгах, алдаа хайх, засах зэрэгт маш их цаг зарж билээ. Тухайлбал гетинакс хавтанд фото зургийн аргаар замууд тавьж химийн уусмалаар бүрж идүүлэх аргаар зам, нүхний контакт гаргана, дараа нь нарийн өрмийн хушуутай өрөм олж нүх гаргана, "бөөсийг нь түүнэ" г.м. Олж авсан том чипүүдээ эх хавтанд урьдчилж гагнасан суурь дээр суулгахыг хичээнэ. Гэвч суурь маш ховор материал байв. Иймээс "Оч"-ийн санах ойн чипүүдийг гэхэд 8 давхарлан гагнасан. Чип бүрийн хаяг, өгөгдлийн ерөнхий бусийг параллелиар хооронд нь гагнаад чип сонголтын хөлийг сөртийлгөөд дешифраторын гаралттай утсаар холбосон байдаг байлаа. Бэлэн гар бас олдохгүй тул мөн л хавтанг нь хийж товч бүрийг нь гагнасан. Тэжээл, сериал порт зэрэг мөн адил. Хялбар атлаа нэлээд бэрх зүйл гаднах хайрцаг байдаг байв. Коннекторууд мөн л маш их хайлгаж байж олдсон доо. Дээр нь энгийн гэж бодож байсан деталиуд ч цагаа болоход бэлэн байгаагүй. Бидэнд байсан конденсатор, резисторууд гэхэд зарим нь хэт том байсан тул хөл нь гаргасан нүхэнд маань багтахгүй, фарад, омын хэмжээ зөрөх зэрэг явдал их гарна. Параллельдах, цуваа залгах зэргээр хэрэгтэй үзүүлэлтээ гаргаж авсан тохиолдол олон байсан. Дисплейн үүрэг гүйцэтгэх зурагт радио залгахад дүрс гарахгүй байх, жирэлзэх, магнитофон бичихгүй, бичсэн ч уншигдахгүйгээс осциллографтай л тохиргоо хийдэг байлаа. Одоо үед компьютер стандарт хэмжээтэй эд ангиудтай болсон тул отверткаас өөр багажийн хэрэг бага. Гэхдээ хөргөлтийн горимыг оновчтой тохируулах, тоосноос хамгаалах, шуугианыг багасгах, сувгийн нэвтрүүлэх чадвар, санах ойн хэмжээ, CPU-ийн хурдыг балансжуулах, ажиллах найдварыг дээшлүүлэх, дизайн, үнэ, маркетингийн бодлого боловсруулах гээд бэрхшээл өөр тийш шилжчихээд байна.

Хүмүүстэй уулзаж ярилцаж байсан 1988-89 онуудад дунд сургуульд байхдаа Монэл компьютер дээр ажилаж, бейсик хэл дээр програм бичдэг, тэр үед Digger гэдэг тоглоомыг их тоглодог, 512 килобайтын уян дискэн дээр бүх зүйлээ хадгалж явдаг байснаа онцолж дурсдаг юм билээ. Энэ бүхнийг тухайн үед нүдээрээ харж, мэдэрч байсны хувьд ямархуу сэтгэгдэлтэй байсан бэ?
Монэл компьютер бол "Оч"-той харьцуулбал жинхэнэ стандарт эд ангиудтай компьютер байлаа. Уян дискийн хувьд багтаамж нь хэдий PC XT-д 360 Кбайт, PC АТ-д 1,2 Мбайт байсан ч, Японд хийсэн бүтээгдэхүүн, "Оч"-д дискийн оронд магнитофон байсан шүү дээ. Уян дискийн байгууламжийн мэдээлэлд хандах хурд нь магнитофоныхоос олон дахин их байсныг ярих юун. Гэхдээ хард дискээс удаан байлгүй яахав. Гэтэл тэр сайн зүйлийг "тааруухан" байсан гэсэн аястай онцолж дурсдаг байна шүү. Тухайн үеийн техникийн хөгжлийн төвшин тийм байсан. Би хувьдаа, хэсэг инженер "Оч"-ийг ажиллуулж харуулсан, бусад инженерүүд бүр илүү сайныг хийгээд эхэлсний үндсэн дээр Засгийн газар Монэл компани байгуулах шийдвэрийг хожуу боловч гаргасан гэж ойлгож явдаг.

2004 оны 11 дүгээр сард дуурийн театрт Статистикийн 80 жилийн ойд зориулан гаргасан үзэсгэлэнд "Оч", "Пионер" зэргийг тавьсныг 1980-аад оны үед УТК-ийн орлогч, дарга байсан П.Жасрай гуай үзэж яваад хажуугийн хүндээ, "эд ийм юм хийсэн байсан юм, даан ч олноор үйлдвэрлэхийг ...  зөвшөөрөөгүй" гэж дуугарч билээ. Би "хэн?" гэж асуух гэснээ "одоо энийг мэдээд яах вэ" гэж бодоод лавлаагүй. Монэл универсаль компьютер тул Бэйсик хэл дээр програм зохиох ямар ч асуудалгүй байснаас гадна Wordperfect, Supercalc, dBase III зэрэг текст, хүснэгт, мэдээллийн сангийн аппликэйшн ажиллуулж болдог байв. Тоглоомын тухайд, тэр digger-ээс гадна Пажитниковын зохиосон Tetris, самурайн тулалдаан, шатар зэрэг цөөнгүй програм байсан. Дашрамд дурдахад зохион бүтээгч Пажитников ЗХУ-ын иргэн байхдаа Монголд ирж байсан.

"Оч" компьютерийг бүтээлцсэн инженерүүд одоо өөр өөрийн бизнестэй болсон гэж дуулсан. Та болон таны нөхдүүд хаана юу хийж явна вэ?
Инженер Д.Толя компьютерийн худалдаа, үйлдвэрлэлийн Бит сервис ХХК-ийн захирал, Мягмарсүрэн автомашин засах, будах үйлчилгээ эрхэлдэг, Д.Дашцэрэн AMI and partners компанийн захирал, А.Гантөмөр ХЭТ ХХК-ийн ерөнхий захирал зэргээр ажиллаж байна. Харамсалтай нь О.Батсүх маань "Оч"-ийн 20 жилийн ойн дараахан өвчнөөр нас барсан. "Оч"-ийг хийсэн туршлагыг идэвхтэй судалж дахин нэг микрокомпьютер хийсэн Ч.Давааням маань НИК ХК-ийн ерөнхий захирал.

Одоо хэр холбоотой байдаг вэ? Анхны компьютерийн түүхийг "мөнхлөх" талаар ямар нэгэн  төлөвлөгөө бий юу?
Бид тус тусын мөрийг хөөж байгаа гэх үү дээ, нягт холбоо байдаггүй. Гэхдээ 2006 онд Bit HPC нэртэй кластер (Монгол улсад угсарсан анхны суперкомпьютер)-ийн загвар гаргахад Д.Толя мэйнборд, HDD, рак зэргийг гаргахын зэрэгцээ өөрөө оролцож тун их нэмэр болсон. 1994 онд Ч.Давааням Сингапураас ашигласан компьютерүүд авчирч өгсөн нь хүнд үед үнэлж баршгүй дэмжлэг болж байсан. Түүх "мөнхлөх" гэв үү, 2004 онд танай сэтгүүлд нэлээд урт материал бэлтгэж өгснөөр нөхдийнхөө оруулсан хувь нэмрийн өчүүхэн хэсгийг цухуйлгасан. Өөр зүйл төлөвлөөгүй, харин танай сэтгүүл "мөнхөлчихлөө" байна. Гэртээ би "Оч"-ийн үлдэгдлийг хадгалж байгаа, харин үүнийг музейд өгөх, эсвэл музей байгуулж тэнд тайлбарын хамт байрлуулбал мөнхөлж байгаагийн бас нэг хэлбэр болно байх. Гол сургамж нь тодорхой сонирхлоор нэгдэж тууштай ажиллавал хэн ч үр дүнд хүрч болно гэдэг аксиом дахин нотлогдсон юм болов уу.

Компьютер бүтээнэ гэдэг нь микрочип бүтээхтэй салшгүй холбоотой байх. Манайд микрочип үйлдвэрлэх боловсон хүчин бий юу? Эсвэл үйлдвэрлээд эхэлсэн үү. Тайвань улс бүх компьютерийн эд ангийн 60-70 хувийг үйлдвэрлэдэг гэдэг. Тэгэхээр Монголд яагаад болохгүй гэж?
Микрочипийн дизайн гаргах, үйлдвэрлэх нь 2 өөр ойлголт. Тайланд, Малайз, Филиппин зэрэг улсад АНУ, Японы төвүүдэд боловсруулсан бэлэн маск ашиглан чип хийдэг үйлдвэрүүд олноороо байгаа. Манайд эдгээрээс байгуулахад бэрхшээл их бус, идэвх гаргасан хүнд ашигтай л бизнес. Дизайн гаргах нь оюуны өмч, өндөр зохион байгуулалт шаардах ч өгөөж нь бүр арвин. Үүнд төр бодлогоор дэмжиж, бизнес зохих анхаарал тавибал хийж болох ажил. ШУТИС, МУИС-ийн зарим багш, профессорын санаачлагаар хавтан хийх, чипийн дизайн гаргах зэрэгтэй холбоотой бага сага тоног төхөөрөмж авсан байдаг ч үйлдвэрлэлд шилжсэн бүтээгдэхүүн, бий болгосон технологи хангалтгүй тул бизнесийнхний сонирхлыг төрүүлж чадаагүй. Боловсон хүчин маш цөөн, бараг байхгүй гэж тооцож болох ч сургаж төлөвшүүлэх нь гол бэрхшээл биш. Ажиллагсдад аль ч технологийг ашиглах ур чадвар эзэмшүүлэх нь зохион байгуулагчдын чадвараас л шалтгаална.

Компьютер бүтээх гэвэл заавал чип хийх шаардлагагүй. Компьютер хэдий хүчин чадал нь цаг өнгөрөх бүр дээшилдэг ч, хэрэглэгчдийн хэрэгцээг тэр бүр хангадаггүй бараа. Гар утас, PDA зэрэг багажид нэмэлт үйлчилгээнээсээ хамаараад өндөр хүчин чадалтай процессор улам ихээр шаардагдаж, офисийн компьютерийг хэдий сайжруулавч эзэндээ гологдсоор, сервер төдийгүй суперкомпьютерүүд мөн л бодолт, рендеринг хийх, транзакц боловсруулахдаа удаан гэгдсээр байгаа тул эдгээрийн бүтэц зохион байгуулалт, алгоритмыг сайжруулах, эрчим хүчний хэрэглээ багасгах, хөргөлтийг нь оновчтой болгох зэргээр хэн ч боловсруулсан саналаа R&D байгууллагад дэвшүүлэх болон девелопероор бүртгүүлээд дизайны аль ч шат руу нь орж ажиллах боломж нээлттэй. Жишээ дурдахад, хэдэн жилийн өмнө нэг залуу гар утасны хортой нөлөөг багасгах арга оллоо, үйлдвэрлэгчидтэй холбогдож саналаа танилцуулмаар байна гээд баахан тооцоо бүхий цаастай явж байсан. Хэд хэдэн үйлдвэрлэгчид хандаад тусыг эс олсон тэр залуу Nokia компанид хандахад нь тэд "Монгол улс Дэлхийн оюуны өмчийн гишүүн биш тул таны Оюуны өмчийн гэрчилгээ манайд хүчингүй, төлбөрийн баталгаа болохгүй" гэж хариулсан. Аргаа барсан зохион бүтээгч, жинхэнэ тооцоо бүхий саналаа дахин явуулж "энэ санал танайд үнэхээр хэрэг болох бол ашигла" гэснийх нь дараа 8000 ам.доллар дансанд нь ирж байсан юм даг.

Манай зарим мэргэжилтнүүдийн нэр бүхий шийдлүүд интернэтэд цөөнгүй байдаг. Тухайлбал Ц.Ганболдын нэр нэгтээ харагдсан. АНУ-ын компанийн захиалгаар хөдөлгөөний engine шинээр боловсруулж суугаа програм зохиогч гэр хороололд энэ мөчид ч ажилласаар байна. Интернэт их нэмэр болох ч R&D төвд нь ажиллавал үр дүн гарах магадлал өндөр гэдэг нь тодорхой. Тайванийн хувьд, тэд хэдий хөгжил өндөр ч, дизайн хийх нь харьцангуй бага, Европын холбоо, АНУ, Япон зэргийн R&D төвүүдийн бий болгосон загвараар чип, компьютер, электрон төхөөрөмжийг бөөнөөр үйлдвэрлэдэг газар. Тайвань R&D-д их анхаарал тавьж энэ зорилгоор Silicon valley-г санагдуулсан өндөр технологийн Hsinchu park, Aspire park зэргийг байгуулж  амжилт арвинтай байгаа. Тэд үйлдвэрлэхийн зэрэгцээ "Innovated by Taiwan" гэсэн чиглэлийг баримталж эхлээд байна. Япон бол "Made in Japan" гэдгээс "Designed by Japan" руу шилжээд удсан. Бидний хувьд "уургын" зарчмаар амдан "Made in Mongolia"-г хэрэгжүүлэхийн зэрэгцээ "Innovated by Mongolia", "Designed by Mongolia"-г бүтээгдэхүүндээ нэвтрүүлж байж бусдыг гүйцэнэ дээ. Үүнийг хэрэгжүүлэх зам нь Солонгосын Daedeok Valley, Японы Tsukuba, Хятадын Z-Park, Энэтхэгийн Банголор, ОХУ-ын Зеленоград, Глазгово зэрэг төвүүдийн тохирохыг авч нэгтгэсэн загвар байгуулах явдал болно.

Сүүлийн үед компьютер нь радио, телевизор шиг энгийн хэрэглээ болсон учраас тэр болгон компьютерийн тухай ярихаа больсон шиг санагддаг. Компьютер гэдгийг бичгийн машин, тоглоом, хөгжим байдлаар ашиглах явдал их байна. Үүнийг яаж ажлын машин болгох вэ, компьютерийн удирдлагаар үйлдвэрээ яаж автоматжуулах вэ гэх мэт олон асуудал байгаа бидний өмнө тавигдаж байна. Ялангуяа Монгол шиг хүн ам багатай, бүтээмж багатай улсад. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Компьютер өөрөө харьцангуй хямд, хүртээмжтэй болсон тул чухал сэдэв биш болсон байж болох юм. Гэвч энэ нь интернэт, бусад дэд бүтцийн хамт олон хэмжээст (дор хаяхад декартын орон зайн 3, хугацаа) огторгуйг агшааж цэг болгох, тэлж ч чадах, бүтээмжийг нэмэгдүүлэх чадвартай багажийн төлөөлөгч. Мэдээллийн технологи дэлхийг хавтгай буюу 2 хэмжээстэй болголоо гэж зарим нь ярьж байгаа ч цөөнгүй хүнд, ялангуяа надад, виртуаль орчинд ямар нэг хэмжээс харагдахгүй байна. Хугацааны хувьд суперкомпьютерийн тусламжтай загварчилж сая, миллиард жилийн өмнө болсныг тодруулж, бас ирээдүйд болох зарим үйл явдлыг, тухайлбал цаг уурын үзэгдлийн талаар, дуртай цагтаа боломжийн нарийвчлалтай мэддэг болж хэвшээд байна. Обьектын том, бага нь МТ-д үүрэггүй, жишээлбэл гэрлийн жилийн зай, хар нүх, онгоцны загвар, молекул, нанотехнологи зэрэг нийлмэл сэдвүүд бас юу ч үл өгүүлнэ.

Интернэтийн бүрхэлт хангалттай бус, хэрэглэгчид зориулсан cloudcomputing-ийн үйлчилгээ өчүүхэн бага болохоор хэдий хүчин чадалтай ч компьютерийн ашиглалт хангалтгүй байгаа. Компьютерээсээ онлайн оношлогоо хийлгэж болдог, сургалтын програмтай харьцдаг, хэрэгтэй номынхоо агуулга харчихдаг байхын дээр төрийн үйлчилгээ болон бизнес: хөрөнгийн бирж, банкны үйлчилгээ, дуудлага худалдаа, орчуулга, TВ, гэрийн хяналт, хурал зэрэг онлайн байхын дээр, бид өөрийн үйлчилгээгээ мөн интернэт дээр байлгавал персональ компьютер хүрэлцэхээ болих байх. Хүн ам багатай манай улс интернэт эмч, багшийг эхний шатанд бий болгох хэрэгтэй. Үйлдвэрийн автоматжуулалтын хувьд контроллер, сенсор, гүйцэтгэх механизм, програмын хэрэгсэл, сервер, сигнал дамжуулах систем, жишээ, интернэт гээд идэвх гаргахаас бусад нь бүрэн байна.

Сүүлийн үеийн гар утсууд компьютерээс дутахгүй болсон гэхэд хилсдэхгүй. Нэгэн баримтат кино дээр Оросын геофизикчид хайгуулынхаа төхөөрөмжтэй HP маркийн pocket pc ашиглан хөдөө хээр хэмжилт хийж байгааг харсан.
Гар утас хүчин чадлын хувьд, овор хэмжээ бага байх үндсэн шаардлагаас шалтгаалж ширээний компьютерээс тодорхой зайнд хоцорч явдаг. Персональ компьютер өөрөө дээд ангиллын компьютерээсээ олон, хэдэн арав, зуу, мянга дахин бага чадалтай байдаг. Гэхдээ одоогийн ямар ч гар утас Монгол улсын 1970-аад оны хамгийн хүчтэй (үнэ нь 1,2 сая ам.доллар) компьютер Минск-32-оос санах ой, секундэд хийх үйлдлийн тооны хувьд илүү. Хэдэн жилийн дараа монголчуудын гарт байх багаж одоогийн дэлхийн хамгийн хүчтэй суперкомпьютерээс илүү болох нь тодорхой. Pocket PC нь хайгуулын судалгааны төхөөрөмж зэргээс судалгааны мэдээллийг хуулж авах боломжтой байлгүй яахав. Санах ой дутна гэж байхгүй, нэмэлт флэйш ч юмуу, USB HDD залгаад шийдчихнэ. Үүний зэрэгцээ геофизикчид ойрын интернэт бүхий цэгээс файлаа Иркутск, Новосибирскийн ч юм уу, суперкомпьютер рүү дамжуулсан байж ч болно. Харамсалтай нь манай геофизикчид чичиргээний судалгааны мэдээллийг талбайгаас Улаанбаатарт зөөж авчраад Австрали руу явуулж бодуулдаг.

Ийм маягаар компьютерийг энгийн хэрэглээнд ашиглах ямар жишээнүүд байж болох вэ?
Өөр жишээ юу? Судалгаанууд, тооллого байна. Pocket PC ашиглаж газар дээр нь зохих ангиллыг хийж, програмаар чанд шалгаж авсан мэдээлэл бодитой байх тул хамгийн сүүлд хэн Pocket PC-ийн мэдээллийг дамжуулнав, тэрнээс хойш удалгүй дүн гаргаад авчих боломжтой байдаг. Орон нутагт салбартай байгууллагууд, ялангуяа сумдад салбартай бол тэндээсээ өдрийн борлуулалтын орлогын мэдээллээ Blackberry, ядаж JAVA програмчлалтай гар утас зэрэгт шивж мессежээр төв рүү байгууллагын серверт холбосон өөр нэгэн гар утас руу ирүүлж, мэдээллийн сандаа татаж авах систем ашигалтад оруулбал хамгийн хямд зардлаар өөрийн сүлжээ байгуулж байгаа хэрэг болно.

Иймэрхүү жишээнүүд нь манай залуучууд, бизнесмэнүүдэд ихээхэн хэрэгтэй болов уу. Учир нь компьютерийг зөвхөн офисын хэрэглээнд ашиглахаас илүүтэй ахисан түвшинд ашиглах цаг нь болсон. Үүнд инженерүүд, эдийн засагчдын хамтын ажиллагаа хэрэгтэй болсон мэт?
Тийм. Улсын статистикийн мэдээ тайланд интернэт хэрэглэгчийн тоо (энэ тоо их сэжигтэй)-ноос цааш мэдээлэл байхгүй. Иймээс онлайн үйлчилгээний тоог нэмэх, чанарыг дээшлүүлэх явдлыг төрийн бодлогод оруулж, статистикийн байгууллагаар гүйцэтгэлийг нь гаргуулж байж энэ асуудал эрчимжинэ. Зарим компани борлуулалт явуулж байгаа, татварын тайлан интернэтэд шилжиж эхэлсэн зэргээр cloudcomputing-ийн нааштай хандлага байгаа ч, eBay, amazon шиг нийтэд чиглэсэн үйлчилгээ дутаж байна. Харин сонингийн эздийнхээ бодлогыг барьсан мэдээлэл интернэтэд нэлээд байгаа нь амьдрал, бизнест ямар нэмэр байхав.

Гүнзгий, олон талын үйлчилгээтэй Cloudcomputing-г нэвтрүүлэх хооронд, Монгол улсын нутаг дэвсгэрийг суурингуудаас нь эхлэн бүхэлд нь интернэтээр бүрхвэл "Азийн барын соёо, хумс" бидэнд ургана. Жи-Мобайл ХХК-ийн мэргэжилтэн Д.Цэцэгсайхан, О.Одмаа нартай хамтран хийсэн тооцоогоогоор CDMA2000 450 Мhz сигналаар 1 сая 560 мянган кв км талбайг бүрхэхэд 600-700 бааз станц, WCDMA/LTE 2100Mhz, эсвэл WiMAX 2400MHz-аар бүрхэхэд 2000 гаруй бааз станц хэрэгтэй байсан. Улсын хилийг бүрэн хамруулсан 100 орчим км өргөнтэй хилийн бүс гаргахад CDMA 450-ийн хувьд 80 орчим бааз станц шаардлагатай (Нямханд, Г.Оюунбаяр, 2009). Дээрх төслүүдийг хэрэгжүүлбэл компьютерээс ажилтнууд офист, хүүхэд хөгшид гэртээ байсан ч салахгүй болж болох юм. Замд яваа, хээр хөдөө ажиллагч, амрагчид мөн адил PDA, гар утас зэргээсээ салах аргагүй болно, учир нь виртуаль ертөнц өрсөлдөөнт зах зээлд үйл ажиллагаа явуулах орчин нь болсон байна. 

Сүүлийн үед bluetooth, infrared, Wi-Fi гэх мэт радио долгионы лицензгүй зурвас компьютерт стандарт болжээ. Эдгээр технологийг ашиглаад зайнаас төхөөрөмжүүд удирдах, хяналтын систем хийх гэх мэт олон боломжууд байх шиг. Ядаж бэлэн схемүүд ашиглаад ийм төрлийн хэрэглээ бий болгох тал дээр инженерийн сургалтыг чиглүүлье гэвэл та юу гэж зөвлөх вэ?
Дээр дурдсан зурвасууд, ялангуяа WiFi нь ITU-ийн зарласнаар чөлөөтэй, гэхдээ Монгол улсын хувьд лицензтэй юм билээ. Тухайлбал WiFi 2.4 Ггц дээр лиценз авсан хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулж ойр орчмын аксесс поинтууд (AП)-ын эзэдтэй байнга зөрчилддөг. АП-д лиценз авдаг практик байхгүй, ХХЗХ ч хөөцөлддөггүй тул эзэд нь буруугүй. Амьд жишээ нь Вайрлеском ХХК-ийн WiMax буюу 802.16a-д суурилсан үйлчилгээ. Тэд 2.4 Ггц дээр төлбөрийг нь төлж албан ёсны лиценз авсан атлаа бааз станцад нь ойр байрлах АП-оос шалтгаалж үйлчилгээ нь доголддог. Нөгөө байгууллагуудын аксесс поинтууд бас л муу ажиллана.

Bluetooth, infrared зэрэг нь picocell буюу жижиг үүрийн, бага радиусын ангиллынх тул бусадтай интерференсэд орох гэх юмгүй. WiFi-ийн энэ онд батлагдах 802.11n стандартын төхөөрөмжүүд хэдэн зуун метр хүртэл радиустай талбайд гигабит/с хүртэл хурдаар мэдээлэл солилцох боломж олгох тул зайнаас төхөөрөмж удирдах зэрэг нь ямар ч асуудалгүй болох төдийгүй, одоогоор хамгийн их зурвас шаарддагт тооцогддог онлайн видео хяналт боломжтой болно. Ойрын жилүүдэд бүх сумын төвд шилэн кабель, үгүй гэхэд ядаж радио релей хүрэх тул тэдгээрийн төгсгөлд WiFi 802.11n-ийн бааз станцууд тавьбал сум, суурин газрын хэрэглэгчдийг үйлчилж чадна. Тэгэхлээр 802.11n-ийг ашигласан систем байгуулах, байгууллагад шаардлагатай Software as a Service (SaaS) бий болгох аргад суралцахыг зөвлөх байна.

Үүрэн холбооны технологи болох SMS, GPRS, CDMA, 3G технологиудыг ч гэсэн ашиглаад төрөл бүрийн автоматжуулалт, мониторингийн системүүд хийж болохоор харагдаж байна. Мэдээж бүхэл бүтэн системээр нь худалдаж авбал өндөр өртөгтэй. Тиймээс модуль, схемүүдийг гаднаас авчраад өөрсдийн хэрэгцээнд тохирсон байдлаар ашиглах боломж бүрэн байгаа юм шиг харагдаад байгаа юм?
CDMA болон WCDMA гэж ярилтгүй SMS, GPRS-ийг ашиглаж хотын захын хаусын мониторинг, бусад үйлчилгээний шийдэл гаргаж үйлчилгээ явуулдаг байгууллагууд байгаа шүү дээ. Ядаж нийслэл хот, цаашилбал Монгол улсыг хамарсан автоматжуулалт, мониторингийн систем бий болгох гэвэл нэгэнт бий болсон Мобиком, Скайтел, Жи-Мобайл, МЦХ, Юнител, Вайрлеском, Улуснет, МХС зэргийн сүлжээнд буй нөөцийг ашиглах нь хямд тусна. Гэр хорооллын эрчим хүчний тоолуурын хайрцганд үүрэн холбооны модем тавиад заалтыг нь хянах төдийгүй шаардлагатай бол эрчим хүчийг нь тасалж залгадаг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хянах г.м. системүүд хийгдсээр байна. WCDMA бол илүү өргөн зурвастай, утасгүй, IP-д суурилсан үйлчилгээ үзүүлэх чадвартай тул боломж бүр ихтэй.

Интернэтийн талаар та юу гэж боддог вэ? Монголд интернэт хөгжиж байна гээд байгаа боловч шүүмжлэлтэй хандах юм бол өнгөц байдлаар хөгжөөд байна уу гэж бодогддог. Гэтэл гадаад улс орнууд техник хангамж, сервер, сүлжээний дэд бүтэц, програм хангамж гээд цогцоор нь шийддэг, глобал гэхээсээ илүүтэй локал сүлжээнүүдийг үр дүнтэй ашиглах боломжтой байдаг тал ажиглагддаг. Гэтэл Монголд байдал арай өөр. Хэтэрхий нээлттэй мөртөө замбараагүй, үр ашиг муутай систем харагдаад байдаг. Та инженер хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
Интернэтийн гадаад урсгал гигабит/с-ээр хэмжигдэж буй нь сайн тал. Гэхдээ энэ нь зөвхөн нийслэлийн төвийн хэрэглэгчдэд хүртээмжтэй байна. Орон нутаг төдийгүй нийслэлийн захын тухайд хангалтгүй. Аймгийн төвүүд рүү 2мб/с урсгал өгөөд хэдэн жил боллоо. Сумын тухай ярих юм байхгүй. Жи-Мобайлын сүлжээ хүрсэн сумдад харин 1х/EVDO технологиор интернэт залгуулж байна. Баруун-Урт-Өлгийн чиглэлд 40 гаруй суурин газрыг 1гб/с-ийн ноён нуруу сүлжээгээр холбох ажил их удаж байж эхэллээ. Интернэтийн тарифын хувьд холын аймгуудын оршин суугчид трансмишний зардлаа өөрсдөө төлдөг систем үйлчилж байна. Үүнийг төрийн бодлогоор болиулбал хөдөөнөөс хот чиглэсэн нүүдэл багасах, орон нутагт соёл, боловсрол, технологи хүргэх нэг нөхцөл болно. Тэд хол төрснөөсөө болж торгуулж байх ёсгүй.

Монгол улс иргэдээ интернэтийн хувьд тодорхой хэмжээнд (жишээ нь 2009 онд аймагт 1гб/с, сумдад 100мб/с, 2011 онд аймагт 10гб/с, сумдад 1гб/с хүргэх бололцоотой) тэгш нөхцөлд байлгах үүрэгтэй, үүнийгээ чадна гэж найдаж байна. Хотод айл руу 1гб/с орох гэж байгаа мэдээ бий. Бензин, бараа таваар хөдөөд тээврийн зардал шингэсэн үнэтэй байг, зөвхөн интернэт онцгой нөлөөтэй үйлчилгээ тул бодлоготой хандаж хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэнд, бизнес, төрийн үйлчилгээ интернэт (тэнд амрах, авилга авахыг үл мэдэх суперкомпьютерүүдэд суурилсан програмууд байна) рүү шилжих тул хэрэглээ, бизнесийг урамшуулах тарифыг ядаж түр хугацаагаар нэвтрүүлснээр орон нутгийн иргэд хөгжин, бизнес эрчимжиж хөдөөний иргэд тэндээ атлаа "хөдөөнийхөн" огт биш, "хотын" төдийхнөөр үл хязгаарлагдан "Paris", "NY", "Wallstreet"-ийнхэн атаархам болох магадлал бий.

Компьютерийн ухааны чиглэлээр сурч байгаа залуучуудад юу гэж зөвлөх вэ? Баахан мэргэжилтэй мэт боловч ажилгүй хүмүүс гарах гээд байдаг...
Энэ ухаанаа ашиглаад байгууллага, зах зээлд нэн хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг олж тодруулах, нэвтрүүлэх хэрэгтэйг нотлох, оптималь шийдэл гаргах, шуурхай хэрэгжүүлэх, ашиглалтад чанд хяналт тавих, зах зээлийн саналыг тусгаж сайжруулах циклийг эзэмшсэн ажил олох төдийгүй, бизнес эрхлэхэд үүрэгтэй байх болов уу.

Танд бодож явдаг үүнийг л хийчих юм сан гэсэн санаа, төсөл байвал манай уншигчдад хэлэх боломжтой.
Том зүйл алга, гэхдээ баялаг үйлчилгээтэй үүлэн бодолт (cloudcomputing: middleware, oлон улсын GRID-д холбогдсон суперкомпьютерүүд), монгол нутгийг 100 хувь бүрхсэн өгөгдлийн сүлжээ (CDMA, WCDMA, WiMAX, Монголын хиймэл дагуул), Монголын цахиурын хөндий (Silicon Valley) санаанд орлоо. Ойрын жилүүдэд хэрэгжчих байгаа? Ярилцлагад урьсанд баярлалаа. Танай хамт олонд сайн сайхныг хүсье.

Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн танд их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.


No comments:

Post a Comment