Wednesday, March 14, 2018

Их Богд \3957м\ хайрханы хойд талаас 3 жил дарааллан авирсан нь:

Сайн байцгаана уу?
Энэхүү блогийн маань үндсэн сэдэв кибер аюулгүй байдал боловч цаашид өндөр ууланд авиралтын талаар хэд хэдэн нийтлэл бичихээр шийдэв. Яагаад өндөр ууланд авиралтын талаар нийтлэл бичихээр болсон бэ гэвэл энэ 2018.3 сард Их Богд \цаашид Хайрхан\ хайрханы хойд талаас шинэ замаар оргилд хүрэх гэсэн оролдлого 3 жил үргэлжилсний дараа амжилттай болсон тул энэхүү замыг сонгож авиралт хийх хүмүүс гарвал хэрэгтэй гэж үзээд тухайн зам болон авиралтын талаар товчхон мэдээлэл өгөхийг хүссэн нь энэ билээ.
Миний хувьд анх 2014 оны 2 сард Хайрханы урд талаас Арцтын амаар \үндсэн замаар\ авирч оргилд хүрч байсан юм. Тухайн үед машин эвдэрч бид их дороос алхалтаа эхлүүлж 25 цагийг зарцуулан байж оргилд хүрсэн тул ихээхэн хүнд санагдаж билээ. Түүнээс хойш сонсоод байхад Хайрханы авиралт ер нь 20 цагаас буухгуй байгааг, зөвхөн урд талаас нь авирч байгааг ажиглаад илүү хялбар замаар оргилд хүрэх боломж байгаа эсэхийг хайхаар Google Earth -тэй хэд хоног найзалж Хайрханы хойд талаас хүн гарч байгаагүй Улайтайн амаар өгсөж оргилд хүрэх оролдлого хийж үзэе гэж шийдсэн нь ингэж 3 жил үргэлжлэх юм гэж хэн санах билээ дээ.

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт байх Их Богд хайрхан \3957м\, Улаанбаатар хотоос 750км орчим зайтай.



Авиралт 1 \2016.05.20 - 2016.05.22\
2016 оны 5 сард эхний авиралтаа эхлүүлсэн ба Хайрхан Аялагч Клубын \цаашид ХАК\ 5 гишүүнтэй багийг бүрдүүлж Хайрханыг зорьсон юм.
Өмнө  нь Хайрханы урд талаас авирахдаа авиралтын багаж, техник бага ашигласан болохоор ice axe -аас өөр багажгүй авиралтаа эхлүүлсэн ч оргилд хүрч чадаагүй юм. Хайрханы өндөр авалт бол монголдоо хамгийн өндөрт тооцогддог. Учир нь үндсэн кэмп 1995м өндөрт, оргил  нь 3957м гэхээр өндөрийн зөрүү бараг л 2000м. Эхний авиралтаар бид 1995м -ээс дээш 3,5км алхаж 2320м хүртэл өндөр авалт авч хоноглосон. Үүрээр 6 цагт авиралтаа эхлүүлсэн манай багийхан үдээс хойш 5 цаг гэхэд 5,5км замыг туулж 3724м хүртэл өндөр авалт авсан боловч оргилд хүрээгүй байсан тул буцаж майхандаа ирэхэд шөнийн 2 цаг болсон нь нийт 20 цагийг зарцуулсан байв. Эхний авиралтаар бид Номин нуур өнгөрөөд оргил хүртэл уулын хамараар явна гэж тооцоолсон ч оргилд хүрэхийн өмнө цавчим хананд тулсан, цаг орой болсон гэх шалтгаануудын улмаас буцсан билээ. Дундын кэмпээс өглөө 9 цагт босч үндсэн кэмп хүртэл 3,5км замыг туулж ачаагаа ачиж янзлаад гэрийн зүг хөдөлснөөр эхний авиралт өндөрлөсөн юм. Энэхүү авиралт нь дараагийн авиралтад хэрэгтэй ихээхэн туршлага хуримтлуулж өгсөн тул ирэх жил дахин ирнэ гэсэн бодол тээсээр гэрийн зүг явж байхад оргилд хүрээгүй гэдэгтээ бага зэргийн гомдолтой л байлаа.
Авиралтаа зогсоохдоо хийсэн бичлэг:

 Авиралт 2 \2017.04.21 - 2017.04.24\
2017 оны 4 сард Хайрханы хойд талаас оргилд хүрэх хоёр дахь оролдлогоо хийж ХАК -ын 10 гишүүнтэй багийг уулын багаж, тоног төхөөрөмжийн хамт бүрдүүлэн авиралтаа эхлүүлсэн.
Өндөр уулын авиралтад аюулгүй байдлын үүднээс үдээс хойш гэхэд оргилд хүрээгүй бол буцах ёстой гэсэн бичигдээгүй хууль бий. Иймд авиралт эхлэхийн өмнө дундын кэмп байгуулахгүй, үдээс хойш 4 цаг гэхэд оргилд хүрээгүй бол буцна гэсэн санал гаргаж бүгд дэмжсэнээр авиралтаа 2017.04.22 - ны үүрээр 3:00 -д эхлүүлсэн. Тухайн жилд сүүлийн 7-8 жил ороогүй их цас ороод удаагүй байхад нь бид очиж таарсан тул Номин нуур өнгөрөөд удаагүй цасан хунгар эхэлсэн юм. Цасаар дээш өгссөөр огцом хэсэг эхлэхэд уулын багажуудаа хэрэглэж, олсонд орж үргэлжлүүлэн авирсаар 13 цагийн дотор 9км зам туулж 1700м орчимын өндөр авалт аваад байтал үдээс хойш 16:00 цаг хэдийн болсон байв. Бид багаараа ярилцаад буцах нь зүйтэй гэж үзсэн тул авиралтаа зогсоож үндсэн кэмп хүртэл дахин 12 цагийг зарцуулан байж \сүүлийн хэсэгт бага зэрэг төөрөв 2 - 3 цаг\ шөнийн 4:00 цагт үндсэн кэмпд ирэв. Дахин оргилд хүрэлгүй буцна гэдэг хүндхэн байсан боловч аюулгүй байдлыг хамгийн эхэнд тавих ёстойг ойлгож авиралтаа 2 дахь удаагаа зогсоосон нь энэ байлаа. Хэрэв оргил хүртэл үргэлжлүүлэн \улайран\ авирсан бол магадгүй оргилд хүрч болох байсан байх гэхдээ буцахдаа юу тохиолдох байсныг хэн мэдэх билээ дээ. Одоог хүртэл тухайн авиралтыг зогсоосон нь зөв байжээ гэсэн бодол минь хэвээрээ. Манай багийхан 3 хоногт 10 - 12 цаг л унтаж хүнд хэцүү авиралт хийж, замдаа нэг машин маань эвдэрч нойр муутай хүмүүс ээлжлэн барьсаар 1 дэх өдрийн өглөө 9:12 гэхэд шууд ажлынхаа гадаа бууж билээ. Зарим нь эвдэрсэн машинаа Улаанбаатарлуу ачуулчихаад дараагийн өдөр нь ирснээр авиралт маань бүрэн дууссан юм. ХАК -ын найзууд маань ийм л мундаг даа.

Авиралт 3 \2018.03.01 - 2018.03.04\
2018 оны 3 сард Хайрханы хойд талаас оргилд хүрэх гурав дахь оролдлогоо хийж ХАК -ын 10 гишүүнтэй багийг уулын багаж, тоног төхөөрөмжийн хамт бүрдүүлэн авиралтаа эхлүүлсэн.

ХАК -ын гишүүд маань итгэж авиралт хийх баг дахин бүрдсэнд ихээхэн баяртай байв. Миний хувьд энэ удаа оргилд хүрэхгүй бол дахин энэ замаар авирах оролдлого хийхгүй, энэ бол зам биш юм гэсэн шийдэлд хүрэх байв. Иймд өмнөх 2 жилд явсан зам дээр ажиллаж дундын кэмпийг нилээд өндөрт байгуулах нь авиралт хийх хугацааг уртасгаж өгөх ёстойг ойлгосон тул Номин нуур өнгөрөөд кэмп байгуулахаар төлөвлөж үндсэн кэмпээс 5.5км зам туулж 2500м өндөрт дундын кэмп байгуулж майханд хоноглов. Тухайн өдөр оргил дээрх салхины хурд 80 - 100км/цаг,  мэдрэгдэх хүйтэн -44C гэсэн сайнгүй цаг агаартай байсан тул дээш явах ямар ч боломжгүй байв. Энэхүү салхи ба хүйтэн доор байгаа бидэнд майхан барих боломж олгохгүй байсаар 1 цаг болж билээ. Сүүлд нөмөр газар олж 4 майханаа барьж, чулуугаар даруулж, нэг олсоо задалж майханаа сайн гэгч нь бэхэлж аваад хоноглосон доо. Авиралтыг шөнийн 1:30 цагт эхлүүлж өмнөх жилийн явсан замаар өгссөөр байв. Өмнөх жилийг бодвол цасан хунгар нилээд дээрээс эхэлсэн боловч өндөр авалт оргил хүртэл 1475м, зай 5км орчим байсан нь богино зайд ихээхэн огцом байв. Огцом хэсэгт уулын багажуудаа өмсөж бүгд олсонд оролгүй явсаар оргилын өмнөх огцом өгсүүр дээр олс тавьж зам зассанаар тэгш оройд хүрсэн юм. Сүүлийн огцом өгсүүрийг өгсөж байхад орой дээрх хаднууд дээр нар тусч тод өнгөтэй болгож байгааг хараад оргил холгүй байгаа нь мэдрэгдэж өөрийн эрхгүй бие огшоод уйлчих гээд байсан шүү. Тэр хэсэг огцом өгсүүрийг авирч дуусгаад нар ээсэн салхитай тэгш оройд хүрснээр 3 жилийн минь хөдөлмөр одоо л нэг юм амжилттай болох нь гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс дусч билээ. Бүтэн багаараа тэгш оройд гарсны дараа цааш явсаар өглөөний 11:30 цагт хүсээд байсан Хайрханы оргил дээр зогсож байлаа. Оргилд хүрсэн тэрхүү мэдрэмжийг үгээр илэрхийлэх боломжгүй билээ. Бид оргил дээрээс шууд үндсэн кэмп хүртэл явах тул нэг их удалгүй бууцгааж эхэлсэн. Замаараа дундын кэмпээ хураагаад цааш явсаар шөнийн 1:00 цагт үндсэн кэмп дээр ирж хоноглосноор авиралт маань амжилттай дууссан юм. Улаанбаатар хотод ирэхэд клубын зарим гишүүд маань хүлээн авсан нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал болж билээ. Энэхүү сүүлийн авиралт маань хүйтэнд хүнд хэцүү авиралт болсон ба багийн 3 гишүүний гар, хөлийн хуруу хайрагдаж, мөн 3 гишүүн огцом уруу руу гулгасан, бидний дундын кэмп байгуулсан газар чонийн үүрийн хажууд, нутгийхан дээгүүр нь явж зүрхэлдэггүй Номин нуурын мөсөн дээгүүр нэвт гарсан гэх мэт хэт extreme авиралт болсон доо.

Дүгнэлт
Хайрханы Улайтайн аманд байгаль хамгаалч нэг айл байдаг ба сүүлийн 2 жил дотоодын жуулчид маш ихээр ирэх болсон гэж ярьж байсан юм. 2016 оны анхны авиралтаар багийн нэг гишүүн маань Оюу нуурын эрэг дээрээс нэгэн гайхалтай зураг дарсан  нь facebook -ээр олон зуун удаа шэйр хийгдэж, олон мянган like цуглуулж олон хүнд хүрсэн тул Оюу, Номин нуурыг сонирхох аялагчдын тоо ихэссэн гэж үздэг. Тэрхүү зургийг энд дарж үзэх боломжтой.

 Авиралтын зам:
Ногооноор эхний авиралтын замыг тэмдэглэв:

Энэхүү замын хувьд 2000м -ын өндөр авалт, өндөр алдалт авдаг ба ирж очих 22км -ын зай туулдаг, хамгийн их налуутай хэсэгтээ 55 - 60 градус хүрдэг тул хүнд ангиллын замд орох байх. Учир нь хүний бие нэг өдөрт 1000м - 1500м -ын өндөрийн зөрүүнд хэвийн гэж үздэг. Тэгэхээр дундын кэмп хийхгүй шууд оргилд хүрье гэвэл өндөрийн өвчинд өртөх магадлал өндөртэй. Хайрханы хойд талаас оргилд хүрэх гэсэн оролдлого 3 жил үргэлжилэхдээ давхардсан тоогоор ХАК -ын 25 гишүүн оролцож 3 авиралтад 78 цагийг зарцуулжээ.
2016 оны авиралтын зурагнуудыг эндээс үзээрэй.
2017 оны авиралтын зурагнуудыг эндээс үзээрэй.
2018 оны авиралтын зурагнуудыг эндээс үзээрэй.
Энэхүү авиралтын гол зорилго болсон оргилд хүрэх хамгийн амар зам мөн үү гэсэн асуултад үгүй гэсэн хариулт өгснөөр нийтлэлээ төгсгөе.

No comments:

Post a Comment