Сайн байцгаана уу?
Ууланд авиралтын талаарх 2 дахь нийтлэлээ та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Энэхүү авиралтын түүх маань өмнөх нийтлэлд дурьдагдсан Их богд хайрханд 3 жил дарааллан авирсантай яг ижил 3 жил үргэлжилсны эцэст биелсэн юм.
Миний хувьд анх 2016 оны 3 сард сүүлийн хэдэн жил дарааллан зохиогдож байгаа Хөвсгөл далайн мөсний баярыг давхцуулан Хайрхан Аялагч Клубын \цаашид ХАК\ 4 гишүүнтэй багийг бүрдүүлж Ханх суманд сүндэрлэх Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт \3490м\ өвлийн авиралт хийсэн билээ. Өвөл Ханх сум хүртэл зөвхөн Хөвсгөл далайн мөсөн дээгүүр явах шаардлагатай болдог. Бидний хувьд нутгийн жолоочоос зам сайн асуусны хүчинд Ханх сум хүртэл саад багатай ч ихээхэн айдастай бүтэн өдрийг зарцуулсаныг нуух юун. Хөвсгөл далайн мөсөн дээгүүр явж байхад далайн баруун эргийн өндөр уулс үзэсгэлэнтэй харагдаад болдоггүй. Тэр сайхан хайрханууд дунд баруун эргийн гол хавьцаа онцгой содон хэлбэртэй тэгш оройтой Урандөш хайрхан сэтгэлд хоногшон үлдсэн тул аль хэдийн дахин ирж тус хайрханд авиралт хийе гэсэн бодол тээсээр авиралтаа дуусгаж гэрийн зүг хөдөлсөн юм.
Урандөш хайрхан \2016.03.02\
Авиралтаас ирээд хотод байхад дахин нэг бодол төрсөн нь зун цагт Хөвсгөл далайг нар зөв бүтэн тойрохдоо Хорьдол Сарьдагийн нурууны үзэсгэлэнт Дэлгэрхаан \3090м\, Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт \3491м\ нэг аялалаар авирч үзье гэсэн бодол байлаа. Одоог хүртэл нэг удаагийн аялалаар энэхүү 2 хайрханд авиралт хийсэн тохиолдол байхгүй хэвээр. Ийнхүү дээрх зорилгуудын хүрээнд эхний авиралтаа 2016 онд эхлүүлж амжилт багатай байсан тул 2017 онд дахин оролдлого хийж зам судалж, 2018 онд сүүлчийн оролдлогоор зорилгоо биелүүлж билээ. Ингээд та бүхэндээ зориулж 3 жил дарааллан авирсан талаарх товч тэмдэглэлийг жил тус бүрийн тайлбарын хамт сийрүүлэн бичих гэж хичээлээ.