Thursday, September 27, 2018

Монгол Улсад анхны дата дамжуулалтын туршилт хийсэн нь:

Та бидний өнөөдөр маш өргөн дэлгэр ашиглаж буй компьютер, таблет, гар утас зэрэг Дижитал технологиор дата дамжуулах үйл хэргийн анхдагч нь Статистикийн Төв Газар буюу Монгол Улсад 1980 оны 09 сарын 26-ны өдөр анхны дата дамжуулалтын туршилт болж байсныг мэдэх үү?
Монгол Улсад “Оч” нэртэй анхны микрокомпьютер угсарсан, хуучнаар Статистикийн төв газрын тооцоолон бодох төвд Монгол Улсын анхны компьютер “Минск-32”-ийн оператороор ажиллаж байсан Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Г.Оюунбаяр гуайн дурсамжийг хүргэе:
 
"Сайн байна уу,
1980 оны энэ өдөр дижитал технологиор дата дамжуулсан тул тэмдэглэж болох юм гэж тооцон ойн мэнд дэвшүүлъе!
1. Ашигласан техник:
Статистикийн Төв Газрын дэргэд байгуулагдсан Үндэсний Тооцоолон Бодох Төв (ТБТ, англиар National Computing Centre NCC гэдэг байв)-ийн мэйнфрэйм ЕС-1040 (IBM360-ийн ардчилсан Герман улсын хувилбар, одоогийн ҮСХ-ны байрны 2-р давхрын 330 кв м талбайтай датасентерийн зориулалтаар тоноглосон танхимд ажиллаж байв, үнэ нь 1 сая орчим ам доллар), телепроцессор МПД-4 (Ардчилсан Герман улсын Роботрон комбинатын мини компьютер KRS4201-т IBM360 руу холбох нэг интерфэйс, модемтой холбох сериал интерфэйсийн боордууд суурилуулсан), дуплекс модем ЕС-8006 (600/1200 бод, Унгар улсын бүтээгдхүүн), АП-64 (Унгар улсын Videoton компанийн бүтээгдхүүн, нэг дисплей, КВ-тай), ТБТ-ийн телефон утас 2 дугаар, МҮЭ СТО-ны 2 дугаар, бүдүүн улаан кабель 400м. Энэ кабелийг 2 хос болгон СТО-ны телефоны утасны үзүүрийг баруун талын үзэсгэлэнгийн танхим руу татаж тэнд суурилуулсан ЕС-8006-тай холбов.
2. Энэ ажлыг зохион байгуулсан хүн:                                                                                           
И. Жүгдэрнамжил агсан, ТБТ-ийн ерөнхий инженер, Тооцоолон Бодох машины инженер мэргэжлээр Москвагийн МЭИ-г 1973? онд төгссөн.
3. Кабель татах, тоног төхөөрөмж зөөх, суурилуулах зэргийг ТБТ-ийн инженер-электрончид.
4. Энэ ажлыг гардан хэрэгжүүлсэн:                                                                                               
Г. Оюунбаяр, А. Батмөнх (Др., Проф., ШУТИС). Г. Оюунбаяр телефон шугамуудыг 2 талын модемуудад холбож шалгав. ҮЭ-н СТО-ны кабелиудыг байнга манаж, үзэсгэлэнгийн танхим телефон утасны үзүүртэй өрөөнүүдийн хооронд гүйж байв. Бэлтгэл болгож IBM360 (үүн дээр телепроцессор руу хэдэн тоо дамжуулах каналын программ бичээд санах ойд нь хадгалсан, ассемблерийн ердөө 2 команд ашигласан. Харин каналын нэлээд олон команд ашигласнаа санаж байна), телепроцессор (KRS4201 мини машины ассемблер дээр арай урт программ бичсэн, тэр нь IBM360-аас ирсэн мэдээллийг модем руу шидээд байх, циклээр) дээр ажиллах дамжуулах программуудыг зохиож тус бүрийн санах ойд түр хадгалав. А. Батмөнх инженерт, СТО-с утасдахтай зэрэг минь МПД-4-ийн пульт дээрээс ... хаягт байгаа ассемблерийн командыг дуудчихаарай, тэрний өмнө IBM360-ийн санах ойн... хаягт байгаа командыг пультээс нь дуудчихаарай, утаснаасаа бүү холдоорой гэж захиад ТБТ дээр үлдээв. Тэдгээр командууд IBM360-ийн RAM-ын нэг хэсэгт миний урьдчилан бичээд хадгалчихсан мэдээлэл(1, 2, 3, 4 ...)-ийг циклээр АП-64 рүү явуулаад байх байв.
5. Үзэгчид:                                                                                                                                  
Санхүү, бүртгэл, статистикийн тэргүүний ажилтны Улсын 2-р зөвлөлгөөний төлөөлөгчид, СТГ-ын дарга, Сангийн сайд, УТТ-ны зарим гишүүн, Ерөнхий сайд нар.
6. Зорилго:                                                                                                                                    
Алсад буй терминалаас мэдээлэл авах, түүн рүү мэдээлэл дамжуулах процессийг автоматжуулах, энэ нь шугамыг чөлөөлнө, бүтээмжийг асар ихээр нэмэгдүүлнэ гэдгийг харуулах явдал байв.
7. Мэдээллийн агуулга:                                                                                                                    
Би үүн дээр алдаа хийсэн. Дандаа тоонууд, тэр нь 1-9, эдгээрийг санах ойд түр хадгалсан. МПД-4 эдгээрийг давтаад л модем руу шидээд байсан. Би яарсандаа болоод хүснэгт харж симбол бүрийг нийлээд утгатай өгүүлбэр болгож кодлоогүй юм. Ядаж "зөвлөлгөөнд оролцогчдод баяр хүргэе!" гэх мэт үг бичих байсан байна лээ. Ингээгүй учир зөвлөлгөөний төлөөлөгчдийн ихэнх тоонуудын учрыг олоогүй, ер нь мэдээлэл шинэ хэлбэрээр буюу тоон хэлбэрээр дамжиж байна гэдгийг ойлгоогүй. Цөөн хүн телетайп солигдох юм байна гэцгээсэн нь бас дэвшил байв.
8. Мэдээлэл дамжуулалт:                                                                                                       
Сангийн яам, Монгол банк хуучин мөнгөн тэмдэгт, үнэтэй зарим зүйл, бүр гулууз алт зэргийг үзүүлэн болгож тавьсан байсныг УТТ-ны гишүүн Д. Моломжамц, СнЗ-ийн дарга Ж. Батмөнх нар үзэж явсаар нэлээд ойртохоор нь А. Батмөнх инженер рүүгээ программ старт хийгээрэй гэж утасдав. Нэг их удаагүй байтал том дарга нар хажууд ирчихэв. Эхлээд дисплей, мозайк принтер зэргийг барьж үзэж сонирхож байснаа дэлгэц дээр юу ч гарч ирэхгүй удахаар хажуу тийш явчихав. Би дотроо түгшиж "телефоны кабелиудыг минь хэн нэгэн хөлөөрөө тасалчихаагүй байгаа", "Батмөнх инженер өөр ажилд дуудагдчихаагүй байгаа" гм-р толгойгоо гашилгаж байтал нөгөө их хүлээлгэсэн 1, 2-ын тоонууд дэлгэц дээр гарч эхлэв. Баярлаад ерөнхий сайд Ж. Батмөнхийг аяархан дуудлаа, наашаа хардаггүй, ойртож очоод ханцуйнаас нь татлаа, хөдөлдөггүй. Нэлээд хүчтэй татчихтал наашаа хазайчихав. Гэтэл нэг залуу урдуур ороод намайг зайлуулчихав (энэ нь бие хамгаалагч байж. Дараа нь намайг Батмөнх даргын биенд гэмтэл учруулах дөхсөн гэсэн зэмлэл хүртээсэн нь сургамжтай, би тэсч ядаж байснаас ийм хэрэг болсон). Би Ж. Батмөнх даргад "мэдээлэл ирж байна харна уу" гэв. Батмөнх, Моломжамц дарга тэргүүтэн дисплей рүү ойртоход дагасан олон тойроод авав. Батмөнх дарга "хаанаас энэ мэдээлэл ирж байна?" гэж асуув. Би СТГ-с гэв. "Чи үүнийг ажиллуулдаг юм уу" гэж бас асуув. Дэлгэцээ reset хийсэн ч удалгүй дэлгэц цаанаас хэдий удаан (компьютерийн гар дээр хүн тоонуудыг хурдтай дарж байгаатай дөхүү байв) ч, тасралтгүй ирсээр буй тоонуудаар дүүрч байлаа. Сонирхолтой нь УТТ-ны гишүүн Д. Моломжамц ЕС-д "энэ дисплей дээр харандаагаар зурж болдог юм" гэж хэлж билээ. Тэр хаа нэгтээ дисплейн үзэг харсан байж. Яг энд байсан дисплей ийм харандаагүй байсан.
Дисплей дээр ижил тоонууд давтагдаад уйтгартай байсан тул төлөөлөгчид цаашаа явцгаав. Гэхдээ ТБТ-ийнхэн, СТГ-ын дарга нар, зарим сайд, тэрбайтугай ерөнхий сайдад манай холбооны кабелиар дата дамжиж болох юм байна гэсэн ойлголт бодитой бий болсон.
Модемууд, МПД-4 зэргийг туршилтад зориулж худалдаж авах санал дэвшүүлж, бодитоор хэрэгжүүлж чадсан байсан И. Жүгдэрнамжил даргын санаачлага том зүйлийн эх байж, түүнд хүндэтгэл үзүүлъе! Төрсөн нутаг нь Хөвсгөл аймгийн Эг-Үүр (одоогийн Эрдэнбулган сум) гэж ярьдаг байв.
Анхаарал тавьсанд баярлалаа.
P.S.
Энэ туршилтад эпликэшн ашиглаагүйг та бүхэн ойлгосон байх. Энэ туршилтын дараа МУ-ын ЗГ НҮБ рүү Монголд компьютерийн сүлжээ байгуулж аймгуудын статистикийн хэлтсийг СТГ-тай холбож статистикийн мэдээ авах процессийг шуурхай болгож, улмаар автоматжуулах, ингэснээр мэдээ боловсруулах хугацааг багасгах, чанарыг сайжруулах зорилгоор хүсэлт тавьж эхлэв. Жилийн дараа шийдвэр гарч НҮБ-с судалгааны баг ирэв. Дахин 1 жилийн дараа тендер зарлаад, шалгаруулалт, гэрээ байгуулах, нийлүүлэлт гэсээр байтал 1983 он гарсан ба энэ онд бүх аймгийн төвд мини компьютер МЕРА-100 суурилуулаад 1200/2400 бодын хурдтай модемоор олон сувагтай, IBM360-д холбосон, телепроцессороор эпликэшн ашиглаж автоматаар мэдээ авдаг болов. Модем хэдий удаан байсан ч, тэр үед ашиглаж байсан ТА-63 телетайпаас дор хаяж 10 дахин илүү хурдтай, мэдээ ямар ч алдаагүй орж ирдэг (контрол бит, цикл алгоритм зэргээр шалгагддаг тул), тэгсэн атлаа файлууд аймаг бүрийнхээ директорид автомаатар орчихдог байв. Энэ бол хэд хэдэн талаасаа ТОМ ДЭВШИЛ байв."

No comments:

Post a Comment