Авиралтын тэмдэглэл:
2025.11.19 - 2025.11.23 -ны хооронд Баянхонгор, Өвөрхангай аймгуудад сүндэрлэх Их богд, Их богд Дэд тэргүүн, Бага богд оргилуудад хэрхэн авирсан талаар багийн гишүүн Гоолингоо сийрүүлэн бичсэнийг оруулж байна.
Goolingoo Go BU тэмдэглэлээс:
БИД САЙН ЯВААД ИРЛЭЭ...
Хайрхан аялагч клубийн гишүүн Mars-Od.B, Enkhbat.O нараар ахлуулсан хэсэг аялагч 2 машинтай Баянхонгор аймгийн Их богдын нурууг зорьцгоолоо.
Бид замын турш дуу хуур наргиан хөгжөөн халгиулсаар шөнө хугаслан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ойролцоо гэр буудалд амарцгаав.
11.20 ний өглөө эртлэн Баруунбаян улаан сумаас шатахуунаа цэнэглээд Бага богд хайрхныг зорив. Тэр өдрийн замд дайралдсан тэмээн сүрэг, тэр дундаа ширээ бөхтэй цагаан ат "аяллын нэг чухал үзэгдэл шүү" гэсэн. Их сонин замаар яваад байсны учир нь тэр гэсэн...

Нар хэвийсэн хойно хайрхны бэлд ирцгээж Дор бүрнээ авиралтын бэлтгэлээ базааж 16:20 цагт Мянган ямаат оргилыг чиглэн алхацгаав. Удалгүй нар жаргаж үдшийн гэгээ тасарснаар намрын адаг сарын битүүн тохиосон учир саргүй ч түмэн ододтой ханьсан алхах өмнө хожид мэдэрч бгаагүй мэдрэмж байсан юм. Хажуугийн эгц байц хад, уулс бүгд сүрдмээр ...
Оргилыг зорих зам цас багатай, сул чулуурхаг хөрс нь өгсүүр газартаа алхалтыг бага зэрэг төвөгтэй болгож байлаа.
Бага Богд хайрханы өгсөх зам:
Гэвч багийн 9 гишүүд маань харанхуйд цуцалгүй алхалсаар Мянган ямаат оргилдоо
/дтд 3591м/ шөнийн 19:30 цагаар бараалхаад бууж ирснээр өндөрлөж дараа өдөр нь Баянговь сумаас Их богд хайрхны Жаргалантын амаар мөн харанхуйгаар Мишок гудас, хоногийн хүнсээ авцгаан алхсаар шөнийн 03:40 мин үед бид багаараа тэргүүн оргилдоо /дтд 3957м/ бараалхаж, тэр шөнөдөө бэлээс гэгээ орохыг хүлээх зуур цасан дээр гудас, мишокондоо амарцгаасан юм.
Шөнө хонож буй агшин: \Өглөө босохоор бэлдэж байгаа нь:\
Үй түмэн оддын доор өвлийн эхэн сарын шөнийн цэлмэг тэнгэрт хучигдан амарцгаалаа. 11.22 ний өдрийн 12:00 цагийн үед дэд оргилдоо /3852м/ бараалхаад бууж ирснээр бидний зорьсон авиралт амжилттай өндөрлөж Баянхонгор аймгийн Жинст сумыг зорин дулаан тухтай буудалд амарцгаасан юм.
Аялал бүр дахин давтагдашгүй дурсамжтай адал явдалтай байдаг ч энэ удаагийн хамгийн шахуу цаг хугацаанд 3 оргилд бараалхах төлвөлөгөө нь онцлог байхын зэрэгцээ анх удаа Их богдын нурууг зорин яваа гишүүдэд бол тааварлашгүй гэнэтийн байсан бол уу? Өвлийн шөнө хөдөө хээр, хадан дунд цасан дээр аяны гудас хөнжилтэйгөө амарна гэдэг энгийн үед санаанд багтамгүй ч яг тулаад ирхэд тийм ч хэцүү байсангүй.
Аяллын ая тух, хоол цай, унаа тэрэгний тухтай найдвартай байдал, багийн ахлагчдын энгийн тайван ч шуурхай байдал зэрэг нь бидэнд итгэл төрүүлж оргилруу тэмүүлэх тэмүүллийг нэмэгдүүлж байсныг дурсах сайхан байна.
Их богд хайрханы оргил дээр:
Гэгээн дурсамж, адал явдал дүүрэн энэ аяллын нэгэн бүрэлдэхүүн болж явсан би туйлын баяртай байгаа.
Хамтдаа аялж, алхаж, адал явдалд дурлаж дурсамж бүтээлцсэн та хэддээ маш их баярлалаа.


No comments:
Post a Comment